Thursday, May 10, 2012

ЗОНХИЛОН ТОХИОЛДОЖ БУЙ ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГИЙН ХӨДЛӨЛ ЗҮЙ, ЧИГ ХАНДЛАГА БА ЗАРИМ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Б. Булгантуяа
Д. Даваалхам 

Судалгааны ажлын үндэслэл: Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 46174 гаруй хүүхэд (ЭМЯ, 2008) байгаагаас бие бялдрын бэрхшээлтэй хүүхдийн эзлэх хувь 29.8 хувь, бусад хэлбэрийн бэрхшээлтэй хүүхэд 70.2 хувь, үүнээс 56.2 хувь нь төрөлхийн, 43.8 хувь нь олдмол бэрхшээлтэй байна. Нялхсын эндэгдлийн шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажигийн эзлэх хувь 1997 онд 2.3 хувь байсан бол 2007 онд 12.4 хувь болж өссөн нь анхаарал татсан асуудал болоод байгаа юм 
Манай орны хувьд зүрхний гажиг үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлсэн судалгаа хомс байгаагаас гадна зүрхний гажигийн тохиолдол, нас баралтын хөдлөл зүй, чиг хандлага, хэтийн төлөвийг тодорхойлсон судалгаа, шинжилгээний ажил хараахан хийгдээгүй байна.
Судалгааны зорилго: Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн зүрхний төрөлхийн гажигийн тохиолдол, нас баралтын давтамж, хөдлөл зүй, хэтийн төлөвийг судлаж зүрхний гажиг үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх зорилготой.
Судалгааны загвар, арга зүй: Дескриптив судалгаанд 1998-2008 онд улсын хэмжээнд зүрхний төрөлхийн гажигийн улмаас нас барсан хүмүүс болон2004-2008 онд зүрхний төрөлхийн гажигаар амбулаторт оношлогдсон, стационарт хэвтэн эмчлүүлэгдсэн хүмүүсийн нас, хүйс, газар нутгийн талаарх тоон мэдээллийг  Эрүүл Мэндийн Газрын Статистик мэдээллийн албанаас авсан хүн ам зүйн болон өвчлөл, нас баралтын талаарх  мэдээнээс аймаг, хот, улсын хэмжээгээр болон нас, хүйсний ангиллалаар авч ашигласан болно. Агаар дахь хүхэрлэг хий (SO2) болон азотын давхар исэл (NO2)-,ийн агууламжийн талаарх 2008 оны сар бүрийн мэдээллийг Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамны агаарын чанарын албанаас авч судалгаандаа ашиглав.
Тохиолдол хяналтын судалгааг  2009 оны 12 дугаар сарын 01-нээс 2010 оны 2 дугаар сарын хооронд Улаанбаатар хотод хийж гүйцэтгэлээ. Судалгаанд оруулах  шалгуурт тохирох хүүхдийн эцэг, эхчүүдтэй биечлэн уулзаж, судалгаанд оролцох зөвшөөрлийг бичгээр авсны дараа судалгааны мэдээллийг тусгайлан боловсруулсан асуумж (хавсралт 1)-аар цуглууллаа.
Судалгааны асуумж нь ажил амьдралын орчин нөхцөл, эцэг, эхийн хорт зуршил, хоол хүнсний хэрэглээ, удамшил, жирэмслэлтийн явцын талаарх мэдээлэл бүхий 80 хаалттай болон хагас нээлттэй асуултаас бүрдсэн.
Үр дүн: Төрөлхийн хөгжлийн гажигтай хүн амын нас баралтыг сүүлийн арван жилийн статистик мэдээгээр авч үзвэл зүрхний гажиг өвчний нас баралт тэргүүлж байна. Тухайлбал, 1998 онд зүрхний гажигаар нас баралт 30 байсан бол 2003 онд 78 хүрч, 2004 онд 68 болон буурч байснаа 2008 онд 125 болсон байна. Хэвтэн эмчлүүлэгчдийг бүс нутгаар нь авч үзвэл зүрхний гажиг өвчнөөр Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 54.61 хувь, Баруун бүсэд 17.63 хувь, Хангайн бүсэд 16.31 хувь, Төвийн бүсэд 8.18 хувь, харин Зүүн бүсэд хамгийн бага буюу 3.27 хувийг  эзэлж байна. Зүрхний гажиг өвчнөөр эмчлүүлэгсэдийн эмчилгээний үр дүнг авч үзэхэд эдгэрсэн болон сайжирсан хүмүүсийн эзлэх хувь маш бага буюу 10 хүрэхгүй хувийг эзлэж байгаа бол харин эмнэлгээс гарах үед өвчнийх нь байдал хэвэндээ байгаа хүмүүс 90 гаруй хувьтай байгаа нь зүрхний гажиг өвчин нь бүрэн эдгэрэх магадлал багатай болохыг харуулж  байна.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол улсад бүртгэгдсэн зүрхний төрөлхийн гажигийн нас баралтын хөдлөл зүйг харахад тасралтгүй нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 2008 оны түвшинтэй харьцуулахад 2012 он гэхэд дээрх гажигийн шалтгаант нас баралт 25 хувиар нэмэгдэх төлөвтэй болох нь тогтоогдлоо. Нэг хүчин зүйлийн шинжилгээгээр зүрхний төрөлхийн гажигийн     өвчлөлтэй статистикийн үнэн магадлалын түвшинд холбоотой байгаа хүчин зүйлүүдийг олон хүчин зүйлийн логистик шинжилгээгээр судалж үзэхэд жирэмсэн үедээ химийн хүчин зүйлийн нөлөөнд өртөх (OR=3.740;95% CI [1.603-8.727],p=0.002), эцэг эхийн талд гажигтай хүүхэд төрсөн буюу удамшлын өгүүлэмжтэй байх (OR=8.714;95% CI [1.614-47.049], p=0.012) зэрэг нь эрсдэлт хүчин зүйлс болж байсан бол эхийн жирэмсэн үедээ төмрийн бэлдмэл хэрэглэх (OR=0,417;95 хувьCI [0,175-0,996], p=0.049) жирэмслэлт төлөвлөгдсөн байх  (OR3=0,287;95 хувьCI [0,118-0,696], p=0.006) зэрэг нь зүрхний төрөлхийн гажиг үүсэхээс хамгаалах хүчин зүйлс болох нь тогтоогдов.
Дүгнэлт: Зүрхний төрөлхийн хөгжлийн гажиг үүсэхэд эх жирэмсэн үедээ химийн хүчин зүйлийн нөлөөнд өртөх,  эцэг эхийн удамшилд төрөлхийн хөгжлийн гажигтай хүн байх, эхийн  жирэмсэн үеийн төмрийн хэрэглээ бага байх, гэр бүл бологсод жирэмслэлтийг төлөвлөхгүй байх зэрэг нь  эрсдэлт хүчин зүйлс болж байна.
Түлхүүр үг: Зүрхний төрөлхийн гажиг, төрөлхийн гажиг, төрөлхийн хөгжлийн гажиг, эрсдэлт хүчин зүйлс

No comments:

Post a Comment