А. Дүүрэнбилэг
Н. Сүмбэрзул
СУДАЛГААНЫ АЖЛЫН YНДЭСЛЭЛ
Монгол улсын эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн төгсөлтийн ба төгсөлтийн дараах сургалтыг хүн амын эрүүл мэндийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээнд үндэслэж төрийн бодлоготой уялдуулан боловсронгуй болгох талаар ЭМШУИС-ийн зүгээс шат дараалсан арга хэмжээнүүдийг авч байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд нийгмийн эрүүл мэндийн төгсөлтийн дараахь сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох асуудал чухлаар тавигдаж байна.
Монгол Улсын Их Хурал “Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэлэлцэн баталснаар НЭМ-ийн чиглэлээр явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд улам тодорхой боллоо. Үүнтэй уялдуулан НЭМ-ийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсронгуй болгох шаардлага гарч байна.
Хүн амын эрүүл мэндийн үйлчилгээнд НЭМ-ийн тусламж үйлчилгээ тэргүүлэх чиглэл болж, эрүүл мэндийн даатгал, өрхийн эмнэлгийн тогтолцоо, эрүүл мэндийн үйлчилгээн дэх улсын болон хувийн салбарын оролцоо бодит зүйл болсноор эрүүл мэндийн болон эрүүл мэндийн бус салбарын мэргэжилтнүүд, удирдах ажилтны НЭМ-ийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болж байна.
Даяаршиж буй ертөнцөд хүн амын эрүүл мэндийн асуудал нэг орны хүрээнээс хальж улам бүр дэлхий нийтийн шинж чанартай болж байгаа нь эрүүл мэндийн байгууллагын менежерүүдийг өндөр мэдлэг, чадвартай байхыг шаардах боллоо.
Эдгээрээс үндэслэн НЭМ-ийн чиглэлээр магистр бэлтгэх одоогийн сургалтыг боловсронгуй болгож, олон улсын жишигт ойртуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа учир энэхүү сэдвийг сонгон авч судаллаа.
Судалгааны ажлын зорилго
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх магистрын сургалтын хөтөлбөрийн агуулгыг НЭМ-ийн зарим мэргэжилтнүүдийн сургалтын хэрэгцээнд тулгуурлан судлаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийн агуулгатай харьцуулан, боловсронгуй болгох арга замыг тодорхойлох. Зорилт
1. Нийгмийн эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүдийн сургалтын хэрэгцээг тогтоон, зорилгыг тодорхойлох
2. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр бэлтгэх сургалтын үндсэн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх
3. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр бэлтгэх сургалтын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн НЭМ-ийн магистрын сургалтын хөтөлбөртэй харьцуулан судлах
Судалгааны ажлын шинэлэг тал
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх магистрын сургалтын хэрэгцээ, зорилго, агуулгыг зарим мэргэжилтнүүдийн сургалтын хэрэгцээ, хүн ам зүйн байдал, хүн амын эрүүл мэндийн болон тусламж үйлчилгээний хэрэгцээнд үндэслэн тогтоосон.
Судалгааны ажлын практик ач холбогдол
1. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох үндэслэл болно.
2. Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах, тэдний гүйцэтгэх үүргийг тодорхойлох эх сурвалж болно.
Судалгааны үр дүнг хэлэлцүүлсэн байдал
1. “Монголын нийгмийн эрүүл мэндийн магистрын сургалтын хөтөлбөрийн агуулгыг гадаад орнуудын ижил төстэй сургалтын агуулгатай харьцуулах нь”. ЭМШУИС-ийн магистрант, докторантуудын “Эрдэм-2004” эрдэм шинжилгээний хурал. Улаанбаатар. 2003.
2 “Монголын нийгмийн эрүүл мэндийн сургалтын байдалд хийсэн
дүн шинжилгээ”. Монгол-Японы хамтарсан симпозиумын илтгэлийн хураангуй. Улаанбаатар. 2004.
3. “Монголын нийгмийн эрүүл мэндийн магистрын сургалтын
өнөөгийн байдал”. Ази Номхон Далайн орнуудын НЭМ-ийн Консорциумын 36 дахь бага хурлын илтгэлийн хураангуй. Брисбейн хот. Австрали. 2004.
Хамгаалахаар дэвшүүлж буй үндэслэл
1. Нийгмийн эрүүл мэндийн магистр бэлтгэх сургалтын үндсэн
хөтөлбөрт судалгааны арга зүй, эрүүл мэндийн удирдлага, эрүүл мэндийн эдийн засгийн агуулгыг нэмэгдүүлэх сургалтын хэрэгцээ
2. Нийгмийн эрүүл мэндийн мастерийн сургалтын үндсэн хөтөлбөрийн
харьцуулсан судалгааны дүн
Магистрын бүтээлийн бүтэц, хэмжээ
Уг судалгааны ажил нь монгол хэл дээр Arial Mon фонтоор 12 шрифтээр 52 хуудсанд багтаан бичсэн удиртгал, хэвлэлийн тойм, судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй, судалгааны үр дүн ба хэлцэмж, дүгнэлт, практик зөвлөмж, ном зүй, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдсэн.
Нийт 5 хүснэгт, 11 зурагтай.
СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА АРГА ЗҮЙ
Судалгааг 2004 оны 10 дугаар сараас 2005 оны 3 дугаар сар хүртэл ЭМШУИС-ийн НЭМС-ийг түшиглэн явуулсан бөгөөд дараах анхдагч болон хоёрдогч материалуудыг хамран судаллаа. Үүнд:
1. Улаанбаатар хотын 8 дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүд, 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгүүдийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс авсан асуумж судалгааны хуудас
2. ЭМШУИС-ийн НЭМС-ийн нийгмийн эрүүл мэндийн магистрын сургалтын хөтөлбөр
3. Европын Холбооны НЭМС-иудын холбоо болон Азийн НЭМС-иудын консорциумын гишүүн сургуулиудын нийгмийн эрүүл мэндийн магистрын сургалтын хөтөлбөрүүд.
Судалгаанд асуумж судалгаа, SWOT болон харьцуулсан дүн шинжилгээний аргыг хэрэглэн, статистик боловсруулалтыг компьютерийн Microsoft Excel болон статистик судалгааны SPSS программуудыг ашиглан хийлээ.
СУДАЛГААНЫ ҮР ДҮН БА ХЭЛЦЭМЖ
НЭМ-ийн зарим мэргэжилтний сургалтын хэрэгцээ.
Асуумж судалгаагаар 21 аймгийн статистикч эмч нар, эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан, төлөвлөлт, санхүүжилт хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтын хэрэгцээг судлан тогтоов.
Судалгаанд нийт 21 статистикч их эмч нар хамрагдав.
Нийт судалгаанд хамрагдсан статистикч их эмч нарын 12 нь буюу 57.14% нь мэргэжлийн болон боловсролын зэрэгтэй байлаа. Үүнээс 8 мэргэжилтэн буюу 31.8% нь магистрын зэрэгтэй байна. Судалгаанд хамрагдсан хүмүүс эрүүл мэндийн салбарт дунджаар 10.7 жил ажилласан бөгөөд хамгийн цөөн нь 6.5 жил, хамгийн олон нь 14.9 жил ажиллажээ.
Статистикч эмч нарын өдрийн ажлын зураглалыг тодорхойлон үзэхэд статистикч эмч нар мэргэжилтнүүддээ зөвлөгөө өгч /32.1%/, ажилд нь үнэлгээ өгөхөд /24.2%/ түлхүү анхаарал хандуулдаг байна.
No comments:
Post a Comment