Tuesday, June 19, 2012

XОЁРДУГААР ХЭЛБЭРИЙН ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ӨВЧТӨНҮҮДИЙН ХӨЛИЙН ХҮНДРЭЛИЙН ЭРСДЛИЙГ СУДАЛСАН НЬ

Л. Батцэцэг
Ж. Сувд

Судалгааны ажлын зорилго Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдийн хөлийн хүндрэлийн эрсдлийг  судлахад оршино.
Судалгааны зорилт
1.     Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдээс хөлийн хүндрэл үүсэх эрсдэл бүхий өвчтөнүүдийг илрүүлэх
2.     Чихрийн шижингийн хөлийн хүндрэлийн эрсдэлд хүргэж болзошгүй зарим хүчин зүйлүүдийг тогтоох
3.     Хөлийн хүндрэлийн эрсдэлтэй өвчтөнүүдэд уг хүндрэлийн  эрсдлийн зэргийг үнэлэх
4.     Хөлийн хүндрэлтэй  өвчтөнүүдийн  хөлийн шархны үе шат хэлбэрийг тодорхойлох, хөлөө тайруулсан тохиолдлыг тогтоох


Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй Бид судалгаандаа  Улаанбаатар хотын Клиникийн I, II нэгдсэн эмнэлэг, Ачтан- КЭ, СБД, БГД, БЗД, ЧД-ийн ЭМТ-дийн  Дотоод шүүрлийн булчирхайн эмчийн хяналтанд байдаг  хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдээс судалгааны шалгуур үзүүлэлтэнд нийцүүлэн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 158 өвчтөнг түүвэрлэн авч агшингийн  судалгааны аргаар судалсан болно.
Эмнэлзүйн асуумжийг ярилцлага хэлбэрээр, бодит үзлэгийн хэсгийг ДЭМБ-аас боловсруулсан чихрийн шижин өвчний  хөлийн хүндрэлийн эрсдлийг илрүүлэх, эрсдлийн зэргийг тогтоох  ОУ-ын зөвлөмжийн дагуу   хийж гүйцэтгэсэн.
Эмнэлзүйн судалгаанд хамрагдагсдыг эхний шатанд  санамсаргүй түүвэрлэлтийн аргаар түүвэрлэн авч, 2 дахь шатанд хөлийн хүндрэл үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор нэг хүчин зүйлсийн шинжилгээ хийж гарсан үр дүнг харьцуулсан харьцаа (Odds ratio), 95%-ийн итгэх интервал (95% CI), P утгаар илэрхийлсэн. Мэдээ мэдээллүүдэд үндэслэн мэдээний сан үүсгэх, шалгах, боловсруулах, үр дүнг нэгтгэхдээ SPSS-15.0 статистикийн хэрэглээний программийг ашиглалаа. Хамаарлыг хамгийн их үнэний хувь бүхий аргад үндэслэх Хи квадрат шалгуураар үнэлэв. Хамаарлын эрч хүчийг Крамерийн V нэрлэсэн хэмжигдэхүүнээр тодорхойлсон.
Судалгааны мэдээлэл цуглуулсан аргууд Бид судалгаагаа ОУДХ-оос гаргасан зөвлөмжийг үндэслэн 2 шатлалтайгаар хийж гүйцэтгэсэн.
1-р шат:
  • Асуумж судалгааны арга– Өвчтөний нас, хүйс, чихрийн шижин өвчний хэлбэр, уг өвчнөөр өвчилсөн хугацаа, урьд нь хөл нь шархалж байсан болон хөл тайруулах мэс засал хийлгэж байсан эсэхийг тодруулсан.
  • Бие махбодийн хэмжилтийн арга- Судалгаанд хамрагдагсдын биеийн жин, биеийн өндөр, биеийн жингийн индекс, агшилтын даралт  зэргийг ДЭМБ-аас гаргасан нэгдсэн аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн.
  • Тавхайн цусан хангамжийг шалгах арга- Тавхайн хэлбэр болон тавхайн арьс, хумсыг шалгаж, А.pedis dorsalis, A.tibialis posterior-ийн лугшилтыг үнэлэх, шагай бугалганы индексийн байдалд үнэлэлт  өгсөн.
  • Тавхайн мэдрэлжүүлэлтийг шалгах арга- Тавхайн өнгөц мэдрэлжүүлэлтийг шалгахдаа стандарт арга болох Semmes Weinstein-ний 10 граммын монофиламентийг ашиглан  шалгасан.
  • Лабораторийн үзүүлэлтийн арга- Өлөн үед өвчтөний захын цусан дахь глюкозын     хэмжээг тодорхойлсон.

2-р шат:
Эхний шатны судалгаагаар илэрсэн хөлийн хүндрэлийн эрсдэл бүхий өвчтөнүүдэд:
  • Чихрийн шижингийн хөлийн хүндрэлийн эрсдэлд хүргэж болзошгүй зарим хүчин зүйлүүдийг тодорхойлсон.
  • Хөлийн хүндрэлийн эрсдэл бүхий өвчтөнүүдийн “хөлийн  хүндрэлийн эрсдлийн зэрэг”-ийг үнэлсэн.
  • Хөлийн хүндрэлтэй өвчтөнүүдэд хөлийн шархны үе шат хэлбэрийг тус тус тогтоож, хөлөө тайруулсан тохиолдлийг тогтоох


Судалгааны ажлын үр дүн Судалгаанд 35-аас дээш насны 158 чихрийн шижинтэй өвчтөн хамрагдсанаас 77 (48.7%) эрэгтэй,  81 (51.3%) эмэгтэй, өвчтөнүүдийн  дундаж нас 54 ±10.4, чихрийн шижин өвчнөөр өвчилсөн дундаж хугацаа 12 ± 4.6 жил байлаа.
Хөлийн хүндрэлийн эрсдлийг илрүүлэх стандарт аргаар судалгаанд хамрагдсан нийт өвчтөнүүдийн 71 буюу 44.9% нь хөлийн хүндрэлийн эрсдэлтэй байсан бөгөөд өвчтөнүүдийн 59.1% нь эмэгтэй, 40.1% нь эрэгтэй хүмүүс байгаа боловч хөлийн хүндрэлийн эрсдэлд өвчтөний хүйс (p>0.05, X2=3.21) болон өвчтөний нас нь статистик ач холбогдолгүй байлаа (p>0.05, X2=2.096).
Харин чихрийн шижин өвчнөөр өвчилсөн  хугацаа нэмэгдэх нь хөлийн хүндрэл үүсэх эрсдлийг 4 дахин ихэсгэж байна (p<0.001., OR=4.1). Биеийн жингийн индексийн (БЖИ) хувьд  хөлийн хүндрэлийн эрсдэлтэй болон  эрсдэлгүй өвчтөнүүдийн  хувьд статистик  ялгаагүй болох нь ажиглагдлаа (p>0.05).
Агшилтын даралт их байх нь хөлийн хүндрэл үүсэхэд хүчтэй нөлөөлж байхад (p=0.001., OR=1.37), өлөн үеийн цусан  дахь сахарын хэмжээ нь сул нөлөөлж байлаа (p>0.001., OR=1.75).
Шагай бугалганы индекс(ШБИ) нь тавхайн цусан хангамжийн байдлыг илэрхийлдэг үзүүлэлт бөгөөд ШБИ бага байх нь тавхайн цусан хангамжийн дутагдалтай байна гэсэн үг юм. Бидний судалгаанд ШБИ буурахад хөлийн хүндрэл үүсэх эрсдэл статистик ач холбогдолтойгоор нэмэгдэж байгаа нь ажигдагдлаа. (p<0.001., OR=13.8).
Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдэд хөлийн хүндрэлтэй буюу хөлийн шархтай 16 (10.1%) тохиолдол илэрсэн бөгөөд судалгаанд  хамрагдагсдын 3.1% хөлөө тайруулсан байсан бол судалгаагаар илэрсэн  хөлийн шархны  тохиолдол бүгд хөлийн хүндрэлийн нэг хэлбэр болох “холимог” хэлбэртэй байв. Хөлийн шархыг  Вагнерийн ангиллаар  ангилсан бөгөөд энэ нь шархны гүнийн байдал, ясанд халдвар орсон эсэхийг гол үзүүлэлт болгон тодорхойлдог. Бидний судалгаанд: I зэргийн шарх- 6 (37.5%), II зэргийн шарх- 4 (25%), III зэргийн шарх- 2 (12.5%), IV зэргийн шарх- 2 (12.5%), V зэргийн шарх- 2 (12.5%) байсан  бөгөөд  хөлийн  шархтай өвчтөнүүдийн
62.5%- шарханд халдвар орсон, үүнээс 37.5%- ясны үрэвсэлтэй, 25%- хэсэгчилэн илжирсэн байхад, 12.5% тавхай нилэнхүйдээ илжирсэн байлаа.
Дүгнэлт
  •  Бидний судалгаанд хамрагдсан хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдийн  44.9% нь хөлийн хүндрэлийн эрсдэлтэй байна.
  • Судалгаагаар чихрийн шижин өвчний улмаас хөлийн хүндрэл үүсэх эрсдэлд чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хугацаа нэмэгдэх (p<0.001), агшилтын даралт их байх (p<0.001) болон шагай бугалганы индекс буурах (p<0.001) зэрэг хүчин зүйлс түгээмэл байлаа.
  • Бидний судалгаанд оролцогсдын 17.08% нь хөлийн хүндрэлийн эрсдлийн зэргийн Их эрсдэлтэй бүлэгт хамаарагдаж байсан бол, 13.93% нь Маш их” эрсдэлтэй  бүлэгт байгаа нь бусад орныхтой харьцуулахад  харьцангуй их байна.
  • Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдэд хөлийн шарх 10.1%, тэдгээрээс хүндэрсэн шарх буюу шархны 3,4,5-р үе шатанд хамаарагдах өвчтөнүүд 37.5%, илэрсэн шархтай тохиолдлууд бүгд шархны “холимог” хэлбэртэй байсан бол хөлөө тайруулсан тохиолдол 3.1% байлаа.

No comments:

Post a Comment